Дээр тэнгэр хааны аху хийгээд
Дэлхий дахь хан богдсын аху газар
Дээр доорын ялгал буй боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.
Агнистийн агуй дахь бодиства нар хийгээд
Алтан дэлхий дэхь бодь сэтгэлтэн хоёрын
Аху газар ангид боловч
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.
Энд хан богдсын сайн түшмэл хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр боловч
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.
Олз идэш олон ядагч хүн хийгээд
Уулын модонд явагч араатан хоёрын
Ахуй газар ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.
Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхийг хүсэх сэтгэл агаар нэгэн буй.
Онон мөрөнд буй Халуут эгч минь хийгээд
Орхон, Туулд агч өвчит бид хоёр
Халх, Онигуудын газар хол боловч
Хайрлан санахын агаар нэгэн буй.
Энэ биедээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: